Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2014-12-07

Гүмбүм хийдийн тухай Ажаа Гэгээний дуртатгалаас

1952 оны зуны дунд сарын нэгэн намуухан өдөр миний хувилгаан ламын амьдрал эхэлсэн юм. Ажаа Гэгээний наймдугаар дүрийг тодруулах баг Гүмбүм хийдээс Долооннуурыг зорин хөдөлжээ. Долооннуурын орон нь Түвдийн хамгийн үзэсгэлэнт газар, зах хязгааргүй ногоон хивс дэлгэсэн мэт өргөн уудам талд өнгийн цэцэгс алаглаж, нүүдэлчин малчдын танан цагаан гэрүүд цайрна. Тэр цагт Долооннуурын түвэд, монгол нүүдэлчдийн амьдрал энгийн, энх тунх, амар амгалан байж дээ. Нийгмийн яарал, өрсөлдөөн сөргөлдөөн, дуу шуугианаас ангид болохоор хүн зон нь бусдаас ялгаатай. Санаа бодол уужим, үнэнч дотно сэтгэлтэй байсан юм. Тал нутгийн үзэсгэлэн, хөдөө хутгийн хүмүүсийн шулуун шударга зан, мөн чанар, ухаалаг харилцаа, хүсэл эрмэлзлэлийг хараад миний урд дүрийн Ажаа Гэгээн сэтгэл бахдан биширч "Хойд дүр минь эндээс тодорч магадгүй" гэж айлдаж байжээ.


Гүмбүм хийдэд залагдан очихдоо миний бие хоёр нас хараахан хүрээгүй байлаа...Хэдий тийм боловч Далай лам залраад ном айлдахдаа надад атга дүүрэн мөсөн чихэр өгөхөд алганд минь багтахгүй асгарч байсныг би санадаг юм. Тэгэхэд хүн бүр намайг өхөөрдөн инээлдэж байж билээ.

1950 иад оны дундуур Хятадын Шашныг шинэчлэх хөдөлгөөн нь Хятадад олон гамшигт явдлаар төгсөж, эцэст нь 1958 онд Түвдэд түрэмгийлэн орж ирлээ. Гүмбүм хийдэд "Ажлын бүлэг" нэртэй зуу орчим хятад ирснээр залхаан цээрлүүлэх ажиллагаа эхэлсэн юм. Тэр үед Гүмбүм хийд дөрвөн мянга шахам лам хуврагуудтай том хийд байсан. Хэдэн сарын дотор хийдийн амьдрал учир утгаа алдав. Асар их гамшиг дайрч билээ. Тэр үеийн хэрцгийлэлд хэрхэн манарсан сэтгэлээ үгээр тайлбарлаж чадахгүй байна...
1961 онд Гүмбүм хийд газар дээр үлдсэн хэдэн эзгүй байшин л болов...

Гэлүгва уламжлалыг үндэслэгч Богд Зонхов лам нь 1357 онд одоогийн Гүмбүм хийд боссон Алтан сэвэрт сүм буй газарт төрсөн аж. Түүнийг төрөхөд жижиг горхи оргилон урсаж, өтгөн ой шугуй дундаас цагаан зандан мод нахиалан ургасан түүх байдаг. Уг модны навчис бүрт зуун мянган Буддагийн дүр буюу Гүмбүм нэрийг айлдсан Буддагийн дүр тодорсон гэдэг.

Зонхов лам 16 настайдаа нутгийн лам багш нараас сурах бүхнээ сурч дуусаад Түвэдийн төв нутаг руу яваад нутагтаа дахин ирээгүй бөгөөд түүнийг гучин настай байхад хөгшин эх нь хүүгээ машид ихээр санаж, гэртээ айлчлан ирэхийг хүссэн зурвас илгээжээ. Зонхов лам ном эрдэмд ихээр шамдан байсан тул эхийнхээ хүслийг биелүүлэлгүй харин өөрийн байгааг бэлгэдэн Буддагийн жижиг баримал, өөрийгөө урласан жижиг зурмалын хамт илгээжээ. Тэрээр мөн бишрэл хүндлэлээ илэрхийлэхээр ирэгч бадарчид, мөргөлчдөд зориулан мөнөөх зандан модны дээгүүр сүүдрэвч босгохыг хүссэн аж. Зонхов лам бэлгээ нэгэн худалдаачинд дайжээ. Худалдаачин, ламын бэлэг тун чухал болохыг мэдээд замын дунд Зонховын өөрийн зурмалыг дууриалган зураад сольж хийжээ. Гэтэл эхэд нь өгсөн хуурамч зурмал хүний хэлээр ярьж түүнийг илчилсэн гэдэг. \хууч ярианд уг зурмал "Ээжээ" хэмээн дуугарсан гэдэг\. Хуурамч хувь нь Гүмбүмд байдаг бөгөөд одоо ч хачин авиа гаргадаг хэвээр. Зарим үед харагдахгүй, зарим хүнд тов тодорхой харагддаг юм.

Зонхов ламын эх нь ургийнханыхаа тусламжтайгаар 1379 онд залбирч мөргөхөөр ирсэн хийгээд горхиноос цангаагаа тайлахаар ирэх аянчдад зориулан энгийн байр барьсан билээ. Зонхов ламын нэр алдар түгэхийн хэрээр мөргөлчид, даяанчид олширч улмаар жижиг төв болж, гуравдугаар Далай лам уг газарт айлчилсны дараа Гүмбүм хийдийг барьж босгох ажил эхэлжээ. Эцэст нь гурван давхар өндөр, мөнгөн бүрхмэлтэй, эрдэнийн чулуудаар чимэглэгдсэн том суврага боссоноор анх барьсан оромжыг хаасан аж. Яваандаа Алтан сэвэрт сүмыг бүхэлд нь хүрээлүүлэн барьсан юм...

1985 онд Хятадад хэрэгжсэн шинэ эдийн засгийн бодлогын үед Гүмбүм хийдийг бүрэн төгс сэргээн засварлахаар болсон юм. Миний бие уг ажлыг гардан зохион байгуулах эрхэм саналыг баяр бахдалтайгаар хүлээн авлаа. Эх зургыг бэлтгэх, хөрөнгө сан босгох, уран дархадыг хөлслөн авах ажлуудыг хийв. Олон зуун хүний сэтгэл зүтгэл, ихээхэн үнэт эдлэл, алт, мөнгө орсон энэхүү төслийг хэрэгжүүлэх явцдаа бид Зуун мянган Буддагийн модыг харах гэж суврагын дотогш нэвтрээгүй билээ. Түүнийг эрж хайх нь гутаан доромжилсон хэрэг болохсон. Энэ ажил бол миний амссан хамгийн их баяр бахдал байлаа.
Түүний дараа жил Жаяг гэгээн хийдэд өргөл болгон өөрийн насан туршдаа хурааж хадгалсан хөрөнгөө гурван хэмжээст Галачакра мандал бүтээхэд өргөж уг ажлыг надад даалгаснаар жил орчмын дотор мандал боссон юм. Энэ бол хорин зургаан метр голчтой, арван долоон метр өндөр, магадгүй дэлхийн хамгийн том мандал ч байж мэднэ.

Галачарка нь хүн амьтны болоод бүхий л амьд зүйлсийн хүрээлэн буй орчин, цаг агаар хийгээд байгалийн бусад нөхцөлтэй хэрхэн уялдан холбогддогийг илэрхийлсэн түвэдийн ертөнцийг үзэх үзлийн чухал бүрэлдэхүүний нэг юм. Шороо, ус, гал, салхи буюу хатуу, шингэн, халуун, хий гэсэн ертөнцийн үндсэн дөрвөн махбод нь хүний биед мах, яс, биеийн шингэн, биеийн хэм\дулаан\ болоод амьсгал гэсэн хэлбэрээр бүрдэж байдаг. Дэлхий болон бусад гараг ертөнцүүдийн хөдөлгөөн нь өөрийн дүр төрх цаг хугацааны эргэлтэд оршдог. Өдрөөс өдөрт, жилээс жилд эхлэл төгсгөлгүйгээр цаг хугацааны хүрд зогсолтгүй эргэлдэх авай. Энэхүү цаг хугацаа, орон зайн хөдөлгөөнийг Галачакрагийн гаднах дүр буюу цаг хугацааны гадаад тойрог илэрхийлдэг. Харин цаг хугацааны дотоод тойрог нь бидний өнгөрсөн, одоо, ирээдүйн амьдрал, төрөх үхэх хүртэлх амьдралын эргэлтийг илэрхийлнэ. Карма буюу учир шалтгаан, үр дагаварын хууль нь бүхий л ертөнц, нийгэм, хувь хүний түвшинд үйлчилж байдаг. Үндсэн дөрвөн махбодын зөв зохистой харилцаа алдагдах тохиолдолд аюул гамшиг нүүрлэнэ. Хүн зоны хувьд аливаа зөрчилдөөн дайн дажин үүсэх, хувь хүний дотоодод махбодуудын тэнцвэр алдагдвал өвдөх болон буруу үйлдлүүд хийгдэх мэтээр илэрнэ.

Үүнтэй адилаар, дөрвөн махбодын тэнцвэртэй харилцаа нь бүх гурван түвшинд эерэг үр дүн авчирдаг. Харилцан хамаарал нь зөв зохистой үед байгаль дэлхий, хүн зоны алив үйлс дэлгэрэн дэвжинэ. Хүмүүн бид зовж зүдрэхийг хүсдэггүй боловч харамсалтай нь самсарагийн \сансар буюу хорвоогийн\ бодит байдалд амар жаргалантай байхын баталгаа үгүй юм.

Миний бодлоор дайн байлдаан, өвчин зүдгүүрийг зогсоох, бие эрхтэн хийгээд дэлхий ертөнцөд зөв сайхан харьцааг сэргээн босгох ганц арга нь ялангуяа Галачакра уламжлалын хүрээнд Буддын сургаал номыг дагах явдал юм. Дээрхийн гэгээн Далай лам дотоод амар амгаланд хүрэхийн тулд өөрийн ухаан бодлоо номхотгох бясалгал хийх нь энх амгалан илүү өргөн дэлгэр хүрээнд бий болгохын гол үндэс хэмээн байнга айлддаг билээ. Хэдийгээр дан ганц мандал нь хүмүүст хэрхэн Галачакра бясалгахыг шууд заахгүй ч Буддист сургаалийн гүн гүнзгий түвшинг илүү тодорхой ойлгох, бидний амьдрал зохистой тэнцвэрт харьцаанд хүрэхэд туслах зарчим, нүдэнд харагдаж буй хэлбэр юм.

Гүмбүм хийдийг дахин босгож сэргээн засварлахад тухайн үед хашиж байсан өөрийн албан тушаалаа эерэгээр ашиглах боломжыг би алдаагүй ээ...
Гүмбүмээс явахдаа хэдэн ширхэг зандан модны үр орхимжиндоо боож гарсан юм. Түүнийгээ энд, АНУ-ын Индианагийн Блүүмингтонд сүндэрлэх "Баруун Гүмбүм"-дээ тарьсан. Одоо тэд минь ургаж төлжсөөр л...

Зүүн зүгт миний төрсөн нутагт "Зүүн Гүмбүм" минь бий.

Эх сурвалж: Цагийг бэлгэдэгч наран чөлөө