Энэрэл нигүүсэл оюун билгийн төв

 Амьдралын зам буруугаар эргэхэд цаг хугацааг зогсоож амьдралаа дахин эхлэх боломжгүй. Энэ утгаар хэлэхд хоёр дахь боломж хэмээн үнэндээ байдаггүй ажгуу.  Муу цаг, өдөрт байшин барьснаас, эсвэл муу өдөр шинэ ажил эхэлснээс болоод бүтэлгүй явдал, гай зовлон тохиолдлоо гэж Бурхан багш хэзээ ч бодож байгаагүй.
2015-09-25

Багшийн дээдлэн шүтэхийн учир

Шавийн эрдэм багшаас хэмээсэнчлэн багш хүмүүнийг шүтэх нь туйлын чухал юм. Бодовын гэгээний айлдварт "энэ насны үйлдвэр дуурагаад хийж болох зүйлд ч сургаачин үгүй аваас үл бүтэх болвоос өдгөө муу заяаны зовлонгоос дөнгөж гарсан, гэтлэхүй болон Бурханы хутгийг олох зам мөрийг үзэх нь бүү хэл сонссон ч туршлага үгүй тэр мэтийн эхлэн суралцагч бээр бүхнийг болгоогчийн газар зорчиход багш үгүйгээр хаанаас бүтэх билээ" хэмээн зарлигласан байдаг тэр нь үнэхээр үнэн билээ. Бидний нисваанисын гурван хор хэмээх нь суралцах хэрэггүй, угаасаа байдаг зүйл.

Тэр нь ч нэг насны зүйл биш төрлөөс төрөлд дадсан байдаг. Тэрхүү төрлөөс төрөлд дадал зуршил болсон нисваанисын гурван хорыг арилгах аргыг өөрийн хүчээр аяндаа мэдэх гэж байхгүй биш үү?
Энэ замбуу тив дээр Ялж төгс нөгчсөн Бурхан багшийг залрахаас өмнө Энэтхэгт олон номын ёс байсан, Бурхан багшаас хойш ч олон номын ёс гарсан боловч тэдгээрийн дотроос нисваанисын ёзоор нь би-д барих үзэл бөгөөд түүний ерөндөгт нь би-үгүйг оносон билгүүнийг төрүүлэх хэрэгтэй хэмээн зарлигласан нь Бурхан багшаас өөр хэн ч байхгүй билээ.
Бусад номын ёсонд нисваанис гэдэг нь байгалиас заяагдсан, угаасаа хүний мөн чанар хэмээн үзэхээс бус нисваанис нь сэтгэлийн гэм бөгөөд түүнээс бүрэн ангижирч болдог гэсэн үзэл байдаггүй байна. Бид тэргүүлшгүйгээс өнөөг хүртэл орчлонгоос гэтлэх арга замыг үзэж мэдсэн өчүүхэн ч туршлагагүй, нөгөө талаас нисваанисын гурван хор нь тэргүүлшгүйгээс дадсан учир ямарч хичээлгүйгээр хар аяндаа төрдөг тул түүний ерөндөг нь юу болон түүнийг хэрхэн бясалгаж дадуулах зэргийг тодорхой заах нэгэн багштай эс уулзваас гэтлэх боломжгүй гэдэг нь тодорхой юм.
Тиймээс "энэ насны үйлдвэр дууриагаад хийж болох зүйлд ч сургаачин үгүй аваас үл бүтэх болвоос..." хэмээн номлосон мэт зөвхөн энэ насны хоол хувцас, алдар нэр, орон байр тэргүүтнийг бүтээхэд, ялангуяа сайн хоол, сайхан хувцастай явъя гэвэл мөнгө хэрэгтэй, мөнгөтэй болохын тулд мөнгө хураах, олох аргыг мэдэх хэрэгтэй, түүний тулд маш олон зүйлд суралцах хэрэгтэй болдог шүү дээ. Аль чадахаараа суралцаад, хамгийн өндөр цалинтай, түүний дээр өдгөө ч маш алдартай гэх зэрэг хамгийн сайн ажилтай болоход суралцаж, мэдлэг, мэргэжил эзэмшээгүй аваас хаанаас бүтэх билээ.
Төрсөн төдийгөөр ирэхгүй, хар аяндаа ч ирэхгүй, ганцхан суралцваас л ирнэ. Иймээс энэ насны дууриагаад хийж болох боловч түүнийг хэрхэн яаж хийх амар хялбар арга барилд суралцах хэрэгтэй байхад одоог хүртэл түүний талаар бодож санаж ч байгаагүй, нисванисын гурван хорыг тэвчих хэрэгтэй, түүнийг тэвчихэд би-үгүйг оносон билгүүнийг төрүүлэх хэрэгтэй хэмээн түүнийг зааж сургах хэн нэгэнд эс шүтвээс хаанаас орчлонгоос гэтлэх арга зам ирэх билээ. Чухам ийм л учраас багшийг шүтэх нь их чухал хэмээн номлосон байна.